Хүүхдийн хувцасны чанарт жишиг тогтоохыг зорьж байна

-ЭХНЭЭСЭЭ ҮНДЭСНИЙ ХЭВ ШИНЖИЙГ МАШ ТОДООР АГУУЛАХЫГ ЗОРЬСОН НЬ ЗӨВ ШИЙДЭЛ БАЙСАН-

 -“Хүү төрлөө” Үндэсний брэнд зах зээлд харьцангуй хурдан танигдсан. Хэрэглэгчдэд шууд байдлаар хоногшсон гол нууц нь юу байв?

 -“Хүү төрлөө” Үндэсний брэндийн санааг анх 2014 онд гаргаж, ажил хэрэг болгосноос хойш гурван жил болсон байна. Эхэндээ өлгийг брэнд болгоно гэхээр хүмүүс гайхдаг байлаа. Энэ нь ч аргагүй юм.Захын дэлгүүрт ороход л өлгий өнгө, загварын өргөн сонголттой худалдаалагдаж байна. Ийм байхад яагаад заавал энэ бүхний хажуугаар брэнд бий болгох гээд байгаа юм бэ гэх асуулттай ч тулгарч байв. Гэтэл яг бодит байдал дээр манай улсад худалдаалагдаж буй өлгийний дийлэнхи гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Даавуу цуулж машиндаад л өлгий хийчихдэг, үүнийгээ зарж болдог гэх түгээмэл ойлголттой явж ирлээ.

Гэвч дөнгөж төрсөн хүүхэд гэдэг ямар эмзэг, мэдрэмтгий билээ. Бодлогын хэмжээнд нярайд ямар ч сөрөг нөлөөгүй өлгий, хувцас үйлдвэрлэх асуудлыг шийдэх хэрэгтэй мэт надад санагддаг. Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд хүүхэд дөнгөж төрөөд л чанар стандартад нийцсэн өлгийд өлгийдүүлэх хэрэгцээ, шаардлага үгүйлэгдсээр байна. Яг ийм зорилгоор өлгийний брэндийг хөгжүүлэх,төлөвшүүлэхээр анх энэ төрлийн үйлдвэрлэл рүү орсон. Анхнаасаа зах зээл нь таатай, эерэг хөрстэй санагдсан төсөөлөл маань ажил эхлэх явцад биежиж, хэрэглэгчид ч сайнаар хүлээж авч, богино хугацаанд хоногшсон болов уу.

-Та брэндээ төлөвшүүлэхдээ тодорхой нэг стандартаар үйлдвэрлэлийн тогтсон технологи бий болгосон гэж ойлгож болох уу?

-Энэ бол манай брэндийн хамгийн ихээр төвлөрдөг сэдвүүдийн нэг. Анхнаасаа хүүхдийн хувцасны зах зээлд хөнгөхөн гишгэж оръё гэж бодоогүй. Монгол Улсад өлгийний стандарт 2012 онд батлагдсан байдаг. Энэ стандарт нь Монгол хүүхдийн онцлог, улирлын зохицмол хэв шинжийг бодолцох замаар судалгааны түвшинд боловсруулагдсан юм билээ. Тиймээс ч эхнээсээ энэ стандартыг барьж авсан гэж болно. “Хүү төрлөө” брэнд хүүхдийн гадуур өлгийг зуун хувь кашмерин даавуугаар хийсээр ирсэн.

Илчтэй, дулаахан, зөөлхөн учраас манай орны уур амьсгалд ч яг тохирдог. Өөрөөр хэлбэл, хонины нэхийг хамгийн сайнаар орлож чадах түүхий эд юм. Мөн хүүхдэд харшил өгдөггүй гэдгийг энд онцлох нь зүйтэй байх. Хүүхэд арьсаараа амьсгалдаг учраас памперс нь хүртэл агаар нэвтрүүлдэг байх шаардлагатай байдаг шүү дээ. Яг үүн шиг кашмер бол амьсгалдаг, эко материал юм. Өлгийгөө стандартад нийцүүлэн  үйлдвэрлэхдээ Үндэсний хэв шинжийг маш тодоор агуулахыг зорьсон нь зөв шийдэл байсан гэж одоо хардаг. Энэ хэлбэрээ цаашид ч тууштай хадгалах болно.

-Танай брэнд өлгий үйлдвэрлээд зогсохгүй дотоодын хүүхдийн хувцасны зах зээлд харьцангуй шинэ уур амьсгал оруулсан мэт харагддаг. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахдаа уламжлалт хэрэглээ, хэв шинжтэйгээ  уялдуулах санааг хэрхэн олов?

-Манайх “Хүү төрлөө”, “Охин төрлөө” өлгийний үйлдвэрлэлээс гадна “Аавын багц”,“Ээжийн багц “Өвөө эмээгийн багц” гэхчлэн ахуйн онцлогт нийцсэн багц бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан. Багц бүр нь тодорхой онцлог бүхий уламжлалт шингээлттэй байхаар бодолцсон юм. Мөн тоодон дээл, гэрийн дээл, хавар намрын коллекц зэргээр улирал тутамд загваруудаа илүү өргөжүүлэн ажиллаж байна. Эрэгтэй хүүхдийн сэвлэг үргээх ёслолд зориулж, “Буган дээл” урлахдаа сэвлэг хийх уут, бүсийг нь дагалдуулах зэргээр гарын дор чимхлүүр ажлуудад маш ихээр анхаардаг. 

Монголын хадны зураг дэлхийд “Уран зургийн галерей” хэмээн үнэлэгддэг. Манай буган дүрсний билэгдэлтэй дээл хэрэглэгчдийн сэтгэлд илүү таашаагдсан байдаг.

Марктенгийн шийдлийн хувьд Үндэсний брэндийн хэв шинж агуулсан сав баглаа боодол, бүтээгдэхүүний жижиг хэрэглэгдэхүүнд хэт их анхаарах нь зардал өндөр гаргадаг ч  хэрэглэгчдийн сэтгэл ханамж хамгийн чухал юм. Гадуур салонууд дээлийг зүгээр л хийгээд зарчихдаг. Хэрэглэгчид ч ийм байдлаар хүлээж аваад дадчихсан. Гэтэл яг брэндийн хэмжээнд төлөвшүүлэхэд юуг ч орхигдуулахгүй, бүрэн төгс байхыг шаарддаг юм байна. Ингэж байж л бид ялгарч, зах зээлд дархлаагаа илүү сайн тогтоох юм. 

 -БУУХ ЭЗЭНТЭЙ, БУЦАХ ХАЯГТАЙ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ЧУХАЛ-

-Улс орны эдийн засгийн байдал эмзэг байгаа энэ үед Үндэсний үйлдвэрлэгчид тэсч үлдэх хүндхэн сорилттой тулгарч байна. Танай брэндийн хувьд энэ үеийг хэрхэн даван туулж байна?

-Ер нь бол чанга байгаа гэдгээ нуугаад яахав. Гол нь өнгөрсөн жилүүдэд брэндийн төлөвшилдөө маш сайн анхаарч, үүндээ хамаг хүчээ хаяж ирлээ. Шинэ тутам хөгжиж буй Үндэсний брэнд борлуулалтын орлогоороо үйл ажиллагаагаа тэлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх боломж өнөөгийн нөхцөлд төдийлөн гарахгүй байгааг ч онцлох нь зүйтэй болов уу. Гэхдээ тасралтгүй урагшилж, үйлдвэрлэлийнхээ эрчийг сааруулахгүй ажиллаж байна. Бидэнд Монгол өлгийний чанар стандартад бүрэн нийцсэн, томоохон хэмжээний өлгийний үйлдвэрлэлийг босгох том “амбиц” бий. Тэгэхээр холбогдох судалгаануудаа тасралтгүй хийж, эдийн засгийн таатай, өгөөжтэй нөхцөл үүсэхийг хүлээзнэсэн байдалтай байна. Энэ хүрээнд гадна, дотны түншлэгчидтэйгээ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үйл ажиллагаа өргөтгөх зорилго тавин ажиллаж байна.

-Үйлдвэрлэлийг цогц түвшинд шийдснээр хэрэглэгчдэд ямар давуу үүсэх бэ?

-Хүүхдийн хувцас өөрөө мэдрэмжгүй бараанд тооцогддог. Тиймээс ч эцэг эхчүүд харагдах байдал, үзэмжид татагдаж, худалдан авах тохиолдол багагүй гардаг. Гэтэл дараа нь хүүхдэд харшил өгөх, биед нь тохирохгүй байх зэрэг асуудлууд үүсэх жишээтэй. Хэрвээ хүүхдийн хувцас тогтсон стандарттай, чанарын тэмдэгтэй болоод ирвэл эцэг эхчүүд сонголт хийхэд нь дөхөмтэй болоод ирэх юм. Ер нь буух эзэнтэй, буцах хаягтай байна гэдэг хамгийн чухал. Үйлдвэр дээр хэрэглэгчид гомдол саналтай ирлээ гэхэд шинжлүүлэх лабортори дэргэд нь байхаас өгсүүлээд шийдэх шаардлагатай олон зүйл байна. Манай брэндийн гол хэрэглэгч нь 0-5 нас буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүд байдаг. Ийм учраас бид загвар, үзэмжээс илүү чанарыг эрхэмлэх шаардлагатай тулгарч байна гэж ойлгож болно.

-Сүүлийн жилүүдэд Монголд Үндэсний брэндүүд олноор гарч байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь таны дахин дахин яриад байгаачлан чанар стандарт гэхээсээ илүү хийц, үзэмжид хэт анхаарлаа төвлөрүүлдэг шиг санагддаг?

-Энэ бол брэнд оршин тогтнохын чухал шалтгаан юм. Үзэмж, хийц гоё байж болно. Хэрэглэгч ч гэсэн хийцэд их ач холбогдол өгч болно. Гэхдээ чанарын тэмдэгт, стандартын шаардлага хангасан байх ёстойг мартах нь олон брэнд уналтад орж буйн нэг шалтгаан юм. “Хүү төрлөө” брэндийн нэг дээл, өлгий, хавар намрын хувцасны хөгжүүлэлт ч бай бүгд л судалгаанд суурилагдсан стандарттай. Үүний цаана хүний эрүүл мэнд, хэрэглээний өндөр соёл явж байдгийг мартаж болохгүй. 

-Цаашид “Хүү төрлөө” брэнд насны хязгаараа нэмэгдүүлэх үү?

-Одоогийн байдлаар 0-5 насны хүүхдүүдэд зориулсан хувцасны брэнд хөгжүүлэлт дээр явж байна. Цаашид 0-5, 5 наснаас дээш гэхчилэн нэмэгдүүлэх зорилготой байгаа. Түүнчлэн дан ганц дээлээр хязгаарлагдахгүй. Хүүхдийн хувцсаа төрөлжүүлэх бодолтой байна. Мөн дан ганц халх дээл ч гэлтгүй Үзэмчин, Захчин, Дархад, Баяд гээд ястнуудын онцлогыг харуулсан дээлийг зах зээлд гаргахаар ажилдаа орсон. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн энэ салбарт хөнгөхөн гишгэж орохгүй. Бүх юмыг нарийн дэс дараалалтай,судалгаатай хийх зарчмаа баримталсаар л байх болно.

-Үнийн бодлого баримталж байна уу. Цаашид одоогийн үнэ өөрчлөгдөх болов уу?

-Брэнд хөгжүүлэлт гэдэг утгаараа санаа, технологи, чанар гээд олон зүйл үнэд шингэдэг. Хамгийн гол нь зах зээл дээр чанараараа ялгараад ирвэл байнгын хэрэглэгчдийн тоо нэмэгдэх болов уу гэж харж байна. Ингээд эрэлт нэмэгдвэл мэдээж үнийн бодлого тогтож, одоогийнхоос буурах боломжтой. Мэдээж хүмүүсийн худалдан авах чадварт нийцүүлсэн үнийн бодлого барихыг хичээх болно.

-Хүүхдийн хувцас үйлдвэрлэлийн салбарт Үндэснийхээ бусад брэндтэй хамтрах чиг барих уу?

-Бид энэ салбарын  үндэсний томоохон контент эзэмшигчтэй хамтарч ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Манай брэнд өөрөө уламжлалт шингээлт ихтэй. Тиймээс орчин үеийн хүүхдийн хувцасны үйлдвэрлэл чиглэлд шинэлэг байдлаар хамтрах нөхцөл өргөн хүрээнд нээлттэй юм гэж хардаг. Мөн залуу хүний хувьд гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах хүсэлтэй. Одоогоор хэд хэдэн нааштай санал ирсэн учир дөнгөж л ажил эхлэж байна гэж харж байгаа. “Хүү төрлөө” гэхээр биднийг ганцхан дээлээр битгий хязгаарлаж хараасай. Цаашид бид хүүхдийн хувцсыг төрөлжүүлэх зорилттой байна. Түүнчлэн хамгийн гол нь бид хүүхдийн хувцаст чанар стандартын жишиг тогтоох болно. Энэ салбар бол маш мэдрэмжтэй хандах учиртай онцлог бүс гэдгийг хүмүүс ойлгоосой гэж их хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Ц.ТАМИР

Эх сурвалж: http://medee.mn/main.php?eid=97702&fbclid=IwAR306BsgrUfUSd5ZerM5K7y7T0e7sQijJY_rEHvtOmSvCpuVXE4FCUv5FQ8